Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог зохицуулалтууд

Монгол Улсын Их Хурал 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга (“Шинэчилсэн найруулга”)-ыг баталсан бөгөөд тус Шинэчилсэн найруулга нь 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн №9 дүгээрт нийтлэгдэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Шинэчилсэн найруулгыг батлан мөрдөхөөс өмнө 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Барилгын тухай хууль (“2008 оны хууль”) Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. 2008 оны хууль 7 бүлэг 26 зүйлтэй байсан бол Шинэчилсэн найруулга нь 9 бүлэг 50 зүйлтэй болсон байна. Бид 2008 оны хуулиар зохицуулагдаагүй эсхүл тус хуульд тодорхойгүй байсан Шинэчилсэн найруулгад тусгагдсан гол гол онцлог зохицуулалтуудыг дор хураангуйллаа. Үүнд:

  • Барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхой болгосон

Барилгын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд, барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхой болгож, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэн.

  • Олон улсын техникийн дүрэм, стандартыг хүлээн зөвшөөрөх боломжтой болсон

Монгол Улсын барилга байгууламжийн норм, нормативынбаримт бичгээр зохицуулаагүй асуудлаар олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм ба стандартыг мөрдөх боломжтой болсон байна. Шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлээр энэ асуудлыг зохицуулсан байх бөгөөд барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журмыг Засгийн газар батална.

  • Барилга байгууламжийг төвөгшлөөр нь ангилсан

Шинэчилсэн найруулгын 10 дугаар зүйлд барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараах байдлаар ангилсан бөгөөд 2008 оны хуульд энэ ангилал байгаагүй юм. Үүнд:

1.барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж;

2.бага төвөгшилтэй барилга байгууламж;

3.дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж;

4.өндөр төвөгшилтэй барилга байгууламж;

5.онцгой төвөгшилтэй барилга байгууламж.

  • Тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа богиноссон

Тусгай зөвшөөрөл олгох шат дараалал, дамжлагыг цөөлснөөс гадна урьд нь тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг 40 орчим өдрийн дотор шийдвэрлэдэг байсныг ажлын 10 өдөр болгон өөрчилсөн байна.

  • Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгоно

Мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулж, үйл ажиллагаа эрхлэхийн тулд шинэ зохицуулалтын дагуу барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ авсан байх шаардлагатай болсон. Гэрчилгээ нь барилга байгууламжийн чанар ба аюулгүй байдлын түвшингээс хамааран ногоон, шар, улаан гэх өнгөөр ангилагдана.

  • Төрийн хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн байгууллага гүйцэтгэх боломжтой болсон

Шинэчилсэн найруулгын 18.4 дүгээр хэсэгт заасны дагуу бага төвөгшилтэй барилгаас онцгой төвөгшилтэй (дээр дурдснаар) барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох болон барилгын салбарын хуулийн этгээдийг бүртгэх үйл ажиллагааг төрийн бус, мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж болох боломжтой болсон байна. 2008 оны хуулиаар зөвхөн төрийн байгууллагууд энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэдэг байсан байна.

  • Даатгалын зохицуулалт шинээр нэмэгдсэн

Шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлд барилгын салбарын даатгалын асуудлыг шинээр оруулсан бөгөөд барилгын үйл ажиллагаанд оролцогчид учирч болзошгүй даатгалыг даатгуулах эрх нь нээлттэй байна. Харин мэргэшсэн инженер, мэргэшсэн архитектор, мэргэшсэн төсөвчин, зөвлөх инженер, зөвлөх архитектор, тэргүүлэх төсөвчин мэргэжлийн хариуцлагын даатгалд, барилгын ажлын гүйцэтгэгч тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд тус тус хамруулах шаардлагатай болсон байна.

  • Барилга байгууламжийг зүгшрүүлэх тохируулах хугацаа 1 жил байна

2008 оны хуулинд барилгын чанарын баталгаат хугацаа нь 3 жил байсан бол Шинэчилсэн найруулгын 14.3 дугаар хэсэгт тусгайлан барилга байгууламжийг дээр дурдснаар ашиглалтын гэрчилгээ авсны дараа ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа буюу барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын нөхцөлийг бүрдүүлэх 1 жилийн хугацаа олгосон байна. Мөн энэхүү хугацаа нь дуусгавар болсноос хойш дээр дурдсан нөхцөлийн хэвийн ашиглалтын хугацаа нь 3-аас доошгүй жил байна. Энэ хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна.

  • Барилгын ажил гүйцэтгэгчийн биечлэн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон

Иргэний хууль болон Шинэчилсэн найруулгын дагуу барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх эрхтэй байдаг. Гэвч Шинэчилсэн найруулгын 40 дүгээр зүйлийн 40.1.9 дүгээр заалтаар барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг барилгын ажил гүйцэтгэгч бие даан гүйцэтгэх үүрэгтэйг тодорхойлсон байна.

  • Гадаадын иргэн, хуулийн этгээдийн барилгын салбарт ажиллах эрх зүйн үндсийг тодорхойлсон

Хуулинд байгаагүй нэгэн шинэ зохицуулалт нь гадаадын иргэн, хуулийн этгээд барилгын салбарт ажиллах зохицуулалтыг хийж өгсөн байна. Ингэхдээ гадаадын иргэн нь зохих журмын дагуу мэргэжлээрээ ажиллах зөвшөөрөл авсан байх бөгөөд гадаадын хуулийн этгээд нь Монголын хуулийн этгээдийн нэгэн адил Шинэчилсэн найруулгын 19, 20 дугаар зүйлүүдийн дагуу барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Мөн түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилгын үйл ажиллагааг гадаадын хуулийн этгээд энэ хуульд заасан эрх бүхий Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран гэрээ байгуулж, эрхлэх шаардлагатай болсон юм. Шинэчилсэн найруулгын 23.5 дугаар хэсэгт “Эрх бүхий гадаад улсын хуулийн этгээдийн боловсруулсан барилга байгууламжийн зураг төслийн баримт бичгийг Монгол Улсын эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран баталгаажуулсан байх бөгөөд зураг төслийн баримт бичиг нь англи, монгол хэлээр байна” гэжээ.

  • Зөвлөх үйлчилгээний чиглэлийг тодорхойлж илүү нарийвчилсан зохицуулалт хийсэн

2008 оны хуульд зөвлөх үйлчилгээний асуудал тусгагдсан байсан хэдий нь тодорхой нарийн зохицуулалт хийгдээгүй байсан бол Шинэчилсэн найруулгад зөвлөх үйлчилгээний чиглэлийг тогтоож, өндөр төвөгшилтэй болон онцгой төвөгшилтэй барилгын хувьд заавал зөвлөх үйлчилгээ авсан байхыг шаардаж байна. Энэ нь 10 орчим төрлийн зөвлөх үйлчилгээ байх бөгөөд Шинэчилсэн найруулгад тодорхой дурдсан байна.

  • Хамгаалалтын горимын шаардлагыг шинээр бий болгосон

Шинэчилсэн найруулгын 41 дүгээр зүйлд барилга байгууламжийн хамгаалалтын горимын асуудлыг шинээр оруулсан байх бөгөөд баригдаж буй барилгын ажлыг долоон сараас дээш хугацаагаар түр зогсоосон бол захиалагч барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулж, энэ талаар барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох шийдвэрийг гаргуулахаар зохицуулагдсан байна. Ингэхдээ барилга байгууламжийн хамгаалалтын горимын хугацаа хоёр жил байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах хүсэлтийг захиалагч гаргаж болно.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлага тодорхой болсон

Шинэчилсэн найруулгын 15 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хуулийн шаардлагыг тодорхой тусгасан байна. Үүний дагуу барилга байгууламжийн зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлагыг тусгах бөгөөд энэхүү шаардлагыг барилгын норм, дүрэм, стандартаар зохицуулахаар хуульчилжээ.

  • Барилгын тухай хууль, тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлсэн

2008 оны хуульд Барилгын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх захиргааны хариуцлага болох торгуулийг мөнгөн дүнгээр шууд заасан байсан бөгөөд торгуулийн хэмжээ харьцангуй бага дүнтэй байсан. Харин Шинэчилсэн найруулгад Барилгын тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын улсын байцаагч иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (одоогоор 192,000 төгрөг байгаа бөгөөд энэ хэмжээ 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 240,000 төгрөг болно)-г 10-25 дахин, аж ахуйн нэгж байгууллагыг 20-50, албан тушаалтныг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авахаар зохицуулж, торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Хэрэв та илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Б.СОЛОНГО, Нөхөрлөлийн гишүүн (solongo@gtsadvocates.mn, tel+976 331020)

Б.ХУЛАН, Хуульчийн туслах (khulan@gtsadvocates.mn, tel+976 331020)



gtsadvocates: 11 8 2016