Ашигт малтмалын холбогдолтой хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтүүд албан ёсоор хэвлэгдлээ

2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай (2009) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Ашигт малтмалын тухай (2006) хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн №9 дугаарт албан ёсоор хэвлэгдсэн байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль (цаашид “Урт нэртэй хууль” гэх) батлагдсантай холбоотойгоор ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тодорхой тооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон билээ.

Урт нэртэй хуулийн дагуу цуцлагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд төрөөс нөхөн төлбөр төлөх шаардлага үүссэн юм. Уг хуулийн хэрэгжилтийг хангахад төрөөс зарцуулах зардлыг хэмнэх, ийнхүү тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг байгаль орчинд аль болох хохирол багатай хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр дараах агуулга бүхий зохицуулалтуудыг баталжээ. Үүнд

1. Урт нэртэй хууль батлагдахаас өмнө буюу 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө тус хуулиар хориглосон талбайд тусгай зөвшөөрөл авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаас хойш 3 сарын дотор буюу 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тухай хүсэлтээ Ашигт Малтмалын Газарт гаргана

2. Өргөдөл гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газар болон холбогдох аймгийн Засаг дарга гэрээ байгуулах бөгөөд Засгийн газар энэхүү гэрээний загварыг батлахаар хуульчилжээ. Хуулийн дагуу гэрээний хэрэгжилтэд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих үүрэгтэй байна.

3. Хэрэв Урт нэртэй хуулиар хориглосон талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигч тогтоосон хугацаанд гаргаагүй эсхүл зохих журмын дагуу дээр дурдсанаар гэрээ байгуулаагүй тохиолдолд тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд энэ тохиолдолд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг аливаа этгээдэд олгохгүй.

4. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Засгийн газар хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загвараас гадна дор дурдсан асуудлаар журам гаргахаар зохицуулжээ. Үүнд:

- гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах;

- усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс (усны сан бүхий газрын эргээс 200 мeтр)-д олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах

- нөхөн сэргээлт хийлгэх.

5. Дээр дурдсан журам, гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг 100 хувь урьдчилан байршуулах нөхцөл, хяналт тавих төрийн байгууллагын албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тус тус тусгасан байх шаардлагыг хуулиар тавьсан байна.

6. Ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн тодорхой зүйл, заалтуудыг дагаж мөрдөхөөр зохицуулжээ. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай, Ойн тухай хуулийн дагуу тус тус шийдвэрлэхээр хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.

7. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд нөхөн сэргээлт хийхэд гарах зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалт явуулсан хугацаанд олсон орлоготой нь уялдуулан нөхөж гаргуулахаар тогтоосон байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

Ашигт малтмалын тухай (2006) хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмших хувь хэмжээг ашигт малтмалын орд ашиглах гэрээгээр тодорхойлохоор тусгасан байдаг.

Уг хуульд зааснаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно.

Харин улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлохоор зохицуулсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төр хувь эзэмшихийн оронд ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах боломжийг бий болгожээ. Ийнхүү төр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хувь эзэмшихийн оронд тусгай төлбөр авах тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос олох төрийн ашиг нь урт хугацааны туршид одоогийн үнэ цэнээр нэмэгдэх бөгөөд уг төлбөр нь улсын төсвийг бүрдүүлэх хамгийн урт хугацааны найдвартай эх үүсвэрүүдийн нэг болно гэж Засгийн газар хууль санаачлагчийн хувьд үзсэн байна.

Дээрх өөрчлөлтийг оруулахдаа Ашигт малтмалын тухай хуульд 472 гэсэн зүйлийг шинээр нэмж, мөн хуулийн 5.3- 5.5 дахь заалтуудад холбогдох өөрчлөлтүүдийг оруулсан байна.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр тухайн ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг шилжүүлэн авч оронд нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг Засгийг газраас тогтоосон хэмжээгээр төлнө. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэвээр хадгалах эсхүл түүнийг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах сонголтыг хийх боломжтой болжээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын онцлогоос хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг 5 хувиас хэтрэхгүй байхаар Засгийн газраас тогтоохоор хуульчилжээ.

Хэрэв та илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу

ZOLJARGAL

Dashnyam

Managing Partner

tel+976 332020

zoljargal@gtsadvocates.mn

TSOLMONCHIMEG

Enkhbat

Partner

tel+976 331020

tsolmonchimeg@gtsadvocates.mn


TUVSHINJARGAL

Gantumur

Associate

tel+976 331020

tuvshinjargal@gtsadvocates.mn




nomindari: 16 4 2015