​2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Банкны тухай Монгол Улсын хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай

2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурал Банкны тухай Монгол Улсын хуулинд оруулах хэд хэдэн нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд тэдгээр нь 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна (цаашид “Нэмэлт, өөрчлөлтүүд” гэх).

Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь (i) үүсгэн байгуулагчид, хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, хараат бус гишүүд болон гүйцэтгэх захиралд тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, (ii) албадлагын арга хэмжээний үр нөлөөг сайжруулах, (iii) банкны ил тод, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зэрэг зорилготойгоор батлагдсан байна. Нэмэлт, өөрчлөлтүүдэд тусгагдсан зарим гол гол өөрчлөлтүүдийг дор тодрууллаа. Үүнд:

Хараат, охин компани байгуулах эрх ба бусад үйл ажиллагааны хязгаарлалт

Нэмэлт, өөрчлөлтүүдийн дагуу банкууд санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор хараат эсхүл охин компани байгуулах хууль зүйн үндэслэлгүй болсон бөгөөд Компанийн тухай хуульд зааснаар хараат компани гэж компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгааг, охин компани гэж компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг тус тус ойлгоно. Иймд банк нь андеррайтер, кастодианы үйлчилгээ зэрэг бусад санхүүгийн үйлчилгээ эрхлэх тохиолдолд өөрийн нэр дээр Санхүүгийн Зохицуулах Хороонд өргөдөл гаргаж тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болжээ. Гэсэн хэдий ч банкуудын нийт дүн нь өөрийн хөрөнгийнх нь 20 хувиас хэтрэхгүйгээр нэг компанийн гаргасан хувьцааны 10 хувиас дээшгүй хэмжээний үнэт цаасыг худалдан авах эрх нь хэвээр үлдсэн байна.[1] Түүнчлэн, банкууд харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх боломжгүй болсон байна. Мөн банкийг үйл ажиллагаа явуулж эхэлснээс нь хойш нэг жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчидээ зээл олгохыг хоригложээ.

Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавигдах шаардлага

Нэмэлт, өөрчлөлтүүд нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тухай тодорхойлолтыг илүү дэлгэрэнгүй, өргөн хүрээтэй болгож, өөрчлөн найруулахын зэрэгцээ түүнд тавигдах шаардлагыг шинээр оруулж ирсэн байна. Банкны тухай хуулинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг (i) банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, эсхүл (ii) банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигчийг нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байна гэж тодорхойлжээ.

Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь дараах шалгуурыг хангасан байна[2]. Үүнд:

(а) тухайн этгээд нь дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх;

(б) эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй;

(в) санхүүгийн чадавхитай байх, банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэхгүй байх;

(г) нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн банкны нэгдэл нь Монголбанкнаас хяналт шалгалт хийх боломж бүхий бүтэцтэй байх;

(д) тухайн хувьцааны эцсийн өмчлөгчийг нотолсон хангалттай баримт ирүүлсэн байх.

Холбогдох этгээд, банкны нэгдэл

“Холбогдох этгээд”-ийн тодорхойлолтыг Нэмэлт, өөрчлөлтүүдээр өөрчлөн найруулж, дараах байдлаар тодорхойлсон байна[3]. Үүнд:

(а) банкны нэгдлийн оролцогч;

(б) банк, банкны нэгдлийн оролцогчийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан[4], тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд;

(в) хувьцааных нь тав болон түүнээс дээш хувийг банк эзэмшдэг хуулийн этгээд;

(г) хувьцааных тав болон түүнээс дээш хувийг банкны эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд эзэмшдэг хуулийн этгээд;

(д) банк, банкны нэгдлийн оролцогчийн эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд;

(е) банкны эрхлэх үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг банктай нэгдмэл сонирхолтой этгээд;

(ё) эрх бүхий албан тушаалтных нь чиг үүргийг банкны эрх бүхий албан тушаалтан давхар гүйцэтгэдэг хуулийн этгээд;

(ж) банкны саналын эрхтэй хувьцааны арав болон түүнээс дээш хувийг эрх бүхий албан тушаалтан нь эзэмшдэг хуулийн этгээд;

(з) дээр дурдсан аливаа этгээдтэй нэгдмэл сонирхолтой бусад хувь хүн, хуулийн этгээд;

(и) Монголбанкнаас холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд хамаарна.

Нэмэлт, өөрчлөлтүүдээр Банкны тухай хуулийн 3.1.6 дугаар заалтад нэг хуулийн этгээд нь нөгөө хуулийн этгээдтэй холбогдох этгээд бөгөөд тэдгээрийн аль нэг нь банк байх тус тусдаа хуулийн этгээдийг банкны нэгдэл гэнэ гэж тодорхойлогдсон “Банкны нэгдэл” гэх ойлголтыг илүү тодорхой болгосон байна. Нэмэлт, өөрчлөлтүүд орохоос өмнө “Банкны нэгдэл”-ийн нэр томъёо, тодорхойлолт Банкны тухай хуулинд байсан ч хуулийн заалтуудад тухайлан ашиглагдаагүй байсан байна. Мөн түүнчлэн Нэмэлт, өөрчлөлтүүдээр Банкны тухай хуулийн 3.1.14 дүгээр заалтад банкны нэгдэл болон түүнд хамаарах оролцогчийг удирддаг компанийг банкны нэгдлийн толгой компани гэж ойлгоно гэж заасан “Банкны нэгдлийн толгой компани” гэх ойлголтыг тус хуулинд шинээр нэмсэн. “Холбогдох этгээд”-ийн тодорхойлолтыг өөрчлөн найруулснаар банкны нэгдэл болон түүний оролцогчдын талаарх ойлголт нь илүү өргөн хүрээг хамаарах боломжтой байна.

Эцсийн өмчлөгч

Эцсийн өмчлөгч гэх нэр томъёог Нэмэлт, өөрчлөлтүүдээр хуулинд шинээр нэмсэн бөгөөд ингэхдээ эцсийн өмчлөгч гэж (i) банкны үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, эсхүл (ii) өөрийн энэ эрхээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлдэг, эсхүл банкны хувьцааг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр дамжуулан эзэмшиж байгаа, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан буюу банкны хувьцаа, үйл ажиллагаанаас үүсэх үр шимийг хүртэх эрх бүхий өмчлөгч этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон байна. Үүнтэй холбоотойгоор банкууд өөрийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг Монголбанкинд хүргүүлэх шаардлагатай болж байгаа бөгөөд тэдгээрийн эцсийн эзэмшигч өөрчлөгдөх бүрт холбогдох мэдээллийг шинэчлэн хүргүүлэх үүрэг хүлээж байна.

Албадлагын арга хэмжээ

Нэмэлт, өөрчлөлтүүдээр өргөн хүрээг хамарсан дараах албадлагын арга хэмжээнүүдийг хуулинд шинээр тусгажээ. Эдгээр нь:

Тогтворжуулах төлөвлөгөө: Банкны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу банк нь өөрийн үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн тухайн нөхцөл байдал зэргээс шалтгаалан үүсч болох эрсдэлийг урьдчилсан тооцож, банкны төлбөрийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгасан тогтворжуулах төлөвлөгөөг төлөөлөн удирдах зөвлөлөөрөө батлуулан Монголбанкинд хүргүүлнэ. Түүнчлэн, тогтворжуулах төлөвлөгөө нь Банкны тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд шаардлага хангаагүй тохиолдолд Монголбанк тухайн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг банкнаас шаардах эрхтэй. Хэрэв тогтворжуулах төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулаагүй эсхүл төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй гэж Монголбанк үзвэл дараах шаардлагыг банкинд тавина. Үүнд:

(а) банкны эрсдэлийн ерөнхий түвшинг бууруулах;

(б) хувьцаа болон хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах хэлбэрээр банкийг дахин санхүүжүүлэх зээл олгох төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах тодорхой арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх;

(в) бизнес төлөвлөгөө, стратегийг өөрчлөх, банкны үндсэн үйл ажиллагааг бэхжүүлэх;

(г) банкны удирдлага, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх;

(д) Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад шаардлага.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Банк нь (i) Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл (ii) зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, (iii) банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл (iv) найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу Монголбанкнаас дараахь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах эрхтэй. Үүнд:

(а) зөрчил, дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх;

(б) зөрчил, дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;

(в) тогтворжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг тогтоосон түвшинд хүргэхийг даалгах;

(г) банкны өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд нэмэгдүүлэхийг үүрэг болгох;

(д) банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;

(е) банкны удирдах албан тушаалтны урамшууллын тогтолцоо нь банкны өөрийн хөрөнгийн хангалттай байх түвшинд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк дүгнэсэн бол цалин, урамшууллыг хязгаарлах;

(ё) тодорхой үйл ажиллагаа явуулах, хэлцэл гүйлгээ хийхэд Монголбанкаас урьдчилан зөвшөөрөл авахаар тогтоох;

(ж) тухайн банкны нэг улирлын нийт активын дундаж хэмжээ нь өмнөх улирлын нийт активын дундаж хэмжээнээс хэтрэхгүй байх, эсхүл активыг төрөлжүүлэхийг даалгах;

(з) хөрөнгө худалдан авах, банкны нэгж байгуулахыг хориглох;

(и) банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх;

(й) хөрөнгө худалдах, банкны нэгжийг татан буулгахыг шаардах;

(к) банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэх, чөлөөлөх;

(л) төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, чөлөөлөх;

(м) дээрх (а)–(л)-д заасан арга хэмжээг банк биелүүлээгүй бол нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх;

(о) нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах;

(ө) Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ хамаарна.

Банкны нөхцөлт удирдлага: Банкны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн дагуу Монголбанк (i) урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл (ii) Монголбанкны хяналт шалгалтаар төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон бол банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг нэг жил хүртэлх хугацаагаар томилж болно. Банкны нөхцөлт удирдлагын хугацаанд Монголбанк тухайн банкны гүйцэтгэх удирдлагын эрх, үүргийг бүрэн эрхт төлөөлөгчид түр шилжүүлэх эсхүл банкны үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг хянаж баталгаажуулах, сайжруулах арга хэмжээ авч болно. Банкны тухай хуулийн 52.2 дугаар хэсэгт заасны дагуу бүрэн эрхт төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй:

(а) тухайн банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бие даан шийдвэр гаргах;

(б) шаардлагатай гэж үзвэл банкны нөхцөлт удирдлага тогтоосон хугацаанд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбогдох үүргийг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн биелүүлэхийг түдгэлзүүлэх;

(в) тухайн банкнаас урьд нь харилцагчтай хийсэн зээл, хадгаламжийн болон бусад гэрээний нөхцөл нь банкны тухайн үеийн ерөнхий нөхцөлөөс өөрөөр тогтоогдож, банкны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл уг гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах, дуусгавар болгох;

(г) банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;

(д) банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах;

(е) банкнаас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулах, шаардлагатай ажилтныг түр хугацаагаар авч ажиллуулах;

(ё) банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх.

Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ: Банкны тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар Монголбанк (i) банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн, (ii) банкны хэвийн үйл ажиллагааг цаашид хангах боломжгүй болсон тухай Монголбанкны хяналт шалгалтын дүгнэлт гарсан, (iii) бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах нь нийтийн ашиг сонирхлыг хангахад зайлшгүй шаардлагатай тохиолдолд тухайн банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авч болно. Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараахь хэрэгслийг ашиглана:

(а) банкны актив, пассивыг шилжүүлэх;

(б) тусгай зориулалтын банк байгуулах;

(в) хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;

(г) өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэх.

Банкны алдагдал, өр төлбөрийн хэмжээг бууруулах, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор дээр дурдсан хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг дараах байдлаар өөрчилж болно:

(а) хувьцаанд хамаарах үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлэх;

(б) банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах;

(в) банкны хувьцааг нэгтгэх, хуваах;

(г) банкны алдагдал, өр төлбөрийг бууруулах, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай аливаа бусад арга хэмжээ авах.

Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг Монголбанкнаас түүний шийдвэрийн дагуу томилогдсон Тусгай төлөөлөгч хэрэгжүүлнэ (банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх бүрэн эрхт төлөөлөгчөөс өөр). Банкны тухай хуулийн 56.5 дугаар хэсэгт зааснаар тусгай төлөөлөгч томилогдсоноор банк, түүний удирдлага, эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь тусгай төлөөлөгчид шилжинэ. Тусгай төлөөлөгч хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны үнийг бууруулах эрхтэй бөгөөд тухайн бууралтын хэмжээ эцсийн байх ба үнэт цаасны эзэмшигч нь бууралттай холбоотой аливаа шаардлага гаргах эрхгүй. Мөн түүнчлэн бүрэн эрхт төлөөлөгч нь Монгол өр хөрвүүлэх нөхцөл, шаардлагыг тодорхойлсон Монголбанкнаас батлах журмын дагуу банкны өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлж болно.

Дээр дурдсан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд Банкны тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчид болон үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй этгээдүүдийн зөвшөөрлийг авах шаардлагагүйг энд дурдах нь зүйтэй.

Банкны тогтворжуулалтын сан:Банкны тогтворжуулах сангийн тухай ойлголт нь Нэмэлт, өөрчлөлтүүдийн дагуу Банкны тухай хуулинд шинээр нэмэгдсэн байна. Энэ санг Монголбанк банкны санхүүгийн байдлыг сайжруулах, тогтворжуулах, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан бүрдүүлж, зохих журмын дагуу зарцуулах эрхтэй байна.

Гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага

Нэмэлт, өөрчлөлтүүдээр банкны гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, гүйцэтгэх удирдлага нь банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх шаардлагатай болж байна. Хэрэв гүйцэтгэх удирдлага нь санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх ёстой. Гүйцэтгэх удирдлагыг бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан байхыг шууд хориглосон ба тэрээр Монголбанкны эрх бүхий албан тушаалтнаар сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаагүй байх шаардлагатай. Түүнчлэн банкны гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хорооны гишүүн байхыг хориглох бөгөөд гүйцэтгэх захирлыг сонгох, томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, хяналт тавихтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад саналын эрхгүй байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага

Тус Нэмэлт, өөрчлөлтүүдийн дагуу банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага ч мөн нэмэгдсэн байна. Гүйцэтгэх удирлагад тавигдаж буй шаардлагын нэгэн адилаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй, дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс таваас доошгүй жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан туршлагатай байна. Мөн тэрээр санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх шаардлагатай. Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаа этгээд нь хуулинд заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг банкнаас бичгээр урьдчилан ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Монголбанк тогтоож, энэ тухай банкинд мэдэгдэнэ.

Банкны төлөөлөн удирдах зөвлөлд нэгээс доошгүй тооны хараат бус гишүүн байх шаардлагатай. Хараат бус гишүүн нь гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй, хэрэв санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байна. Мөн хараат бус гишүүн нь тухайн банк, түүний нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх; тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй байх ёстой. Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь аудитийн болон эрсдэлийн удирдлагын хороонд ажиллаж, эдгээр хорооны асуудал болон Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлахад заавал оролцож, санал өгнө.

Банкийг татан буулгах

(i) Дээрх албадлагын арга хэмжээний хүрээнд банк байгуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан, эсхүл (ii) дээрх бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй тухай шийдвэр гарсан тохиолдолд Монголбанк нь банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно. Нэмэлт, өөрчлөлтүүдээр татан буулгах ажиллагааг илүү нарийвчлан тогтоосон бөгөөд банкны эрх хүлээн авагчид банкны хөрөнгийг захиран зарцуулах, банкийг төлөөлөх, удирдах ерөнхий эрхүүдийг олгосоноор түүний бүрэн эрхийг нэмэгдүүлсэн байна.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдаж, 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон билээ. Тус хуулинд:

(а) банкны хараат болон охин компанид банкнаас оруулсан хувь хөрөнгө буюу хувьцаа эзэмших эрх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болно.

(б) банк, банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, банкны төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, банкны гүйцэтгэх удирдлага Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан бусад этгээд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор тус хуульд үйл ажиллагаагаа нийцүүлж, энэ талаархи тайланг холбогдох баримтын хамт Монголбанканд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор ирүүлнэ.

(в) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн холбогдох зүйлүүдэд заасан банкны тогтворжуулалтын санг бүрдүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус тус заажээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуух, тодруулах зүйлс байвал бидэнтэй холбоо барина уу.

Б.СОЛОНГО, Нөхөрлөлийн гишүүн (solongo@gtsadvocates.mn, tel+976 331020)

Б.ХУЛАН, Хуульч (khulan@gtsadvocates.mn, tel+976 331020)



[1] Үүнд Засгийн газар, Төв банкны үнэт цаас, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьцаа хамаарахгүй.

[2] Банкны тухай хуулийн 361 дугаар зүйл

[3] Банкны тухай хуулийн 3.1.2 дугаар заалт

[4] Компанийн тухай хуулийн 84.1 дүгээр хэсгийн дагуу Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, санхүүгийн албаны дарга (Санхүү эрхэлсэн захирал), ерөнхий нягтлан бодогч, бусад ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.


gtsadvocates: 12 6 2018