Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль шинээр батлагдлаа

Монгол Улсын Их Хурал 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль (цаашид “Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль” гэх)-ийг шинээр баталлаа. Энэ хуулиар хөдлөх хөрөнгийн барьцааны харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эд хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн шинэ эх үүсвэр ашиглах эрх зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төслийг боловсруулахад Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкнаас гаргасан “Барьцаат хэлцлийн хуулийн 10 үндсэн зарчим”, Олон Улсын Санхүүгийн Корпорациас гаргасан “Хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаарх 35 орны харьцуулсан судалгаа”, Барьцаат зээлийн загвар хууль зэрэг олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, гадаад орнуудын хууль тогтоомжийг судалж үзсэнбайна.

Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдахаас өмнө буюу өнөөдрийн байдлаар хөдлөх хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны харилцааг Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулж ирсэн. Иргэний хуулинд зааснаар газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс буюу үл хөдлөх эд хөрөнгөөс бусад бүх эд хөрөнгө нь хөдлөх хөрөнгөд хамаарна. Гэвч Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд нь хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой харилцааг өнөөгийн нийгэм, эдийн засаг, зах зээлийн шаардлагад нийцүүлэн цогцоор нь зохицуулж чадахгүй болсон юм. Ийнхүү хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчин хангалтгүйн улмаас их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Харин Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсанаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, оюуны өмчийн бүхий л эрх болон бусад эдийн бус хөрөнгийг барьцаалах харилцааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчин бий боллоо. Түүнчлэн Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиар барьцааны нэгдсэн цахим мэдээллийн санг үүсгэн байгуулахаар болсон бөгөөд талуудын хооронд хүчин төгөлдөр барьцааны гэрээ бичгээр байгуулсан тохиолдолд л уг гэрээний дагуу барьцааны эрх хэрэгжих боломжтой болно.

Дашрамд дурдахад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбоотой асуудлыг Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиар зохицуулахгүй бөгөөд урьдын адил Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна.

Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн онцлох зүйл, заалтуудыг дурдвал:

  • Барьцааны эрх нь гэрээний үндсэн дээр үүснэ.
  • Барьцаалсан эд хөрөнгийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэх эсхүл барьцаалуулагчийн эзэмшилд хэвээр үлдээж болно.
  • Барьцааны гэрээнд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан бол ийнхүү шилжүүлснээр, харин барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа тус тус баталгаажна.
  • Баталгаажсан барьцаа нь баталгаажаагүй барьцаанаас барьцааны эрх нь хэзээ үүссэнээс үл хамааран тэргүүн ээлжинд хэрэгжих боломжтой.
  • Тоног төхөөрөмж, авто тээврийн хэрэгсэл худалдан авах зээл олгосон зээлдүлэгч эсхүл худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлснээс 10 хоногийн дотор цахим мэдээллийн санд бүртгүүлсэн бол цаг хугацааны дарааллаас үл хамааран бусад баталгаажсан барьцаалагчаас өмнө шардлагаа хангуулах давуу эрхтэй.
  • Барьцаалуулагчийн эсрэг дампуурлын хэрэг үссэн тохиолдолд барьцааны эрх хүчин төгөлдөр бөгөөд хэрэг гүйцэтгэгч барьцааны зүйлийг худалдан борлуулсан орлогоос эхний ээлжид барцаалагчийн шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг нь хариуцагчийн хуваарилагдах хөрөнгөд хамаарна.
  • Барьцааны зүйлийг борлуулсан орлого нь барьцаалагчийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол ийнхүү хүрээгүй хэсгийг дампуурлын энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлнэ.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сантай байна.
  • Цахим мэдээллийн санд бүртгэгдсэн барьцааны мэдэгдэл нийтэд нээлттэй болсон үеэс хүчин төгөлдөр болно.
  • Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдлийг гаргаагүй бол цахим мэдээллийн санд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд барьцааны мэдэгдлийн бүртгэл хүчинтэй байна.
  • Барьцааны эрхээ хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэл өгөх үүрэгтэй бөгөөд мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагчийн барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлснээс хойш 14 хоног байна.
  • Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдан борлуулахдаа аль болох зардал багатай, шударгаар борлуулах оновчтой арга хэрэгслийг сонгох үүрэгтэй.
  • Барьцааны зүйлийг борлуулахаас өмнөх аль ч үе шатанд барьцаалуулагч нь барьцааны шаардлагыг бүрэн хангаж, барьцааны шаардлагыг хангах ажиллагааг зогсоох эрхтэй.
  • Барьцааны зүйлийг худалдан авсан этгээд тухайн зүйлийг аливаа барьцааны эрхээс чөлөөтэйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авна.

Энэхүү Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөх бөгөөд энэ хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газраас барьцааны цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж, Хууль зүйн яамнаас холбогдох бусад дүрэм, журмыг батална гэж ойлгож байна. Бид Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуультай холбогдолтой шинэ мэдээллийг цаг тухай бүрт мэдээлэх болно.