Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (“Хуулийн төсөл” гэх)-ийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэний дагуу Хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Их хуралд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн барьсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль гэх зэрэг хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтүүд орохоор төлөвлөгджээ.

Тус төсөл өнөөдрийн байдлаар Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Хуулийн төсөлд 1999 онд батлагдсан одоогийн Хөдөлмөрийн тухай хууль (“Хөдөлмөрийн тухай хууль” гэх)-иас ялгаатай дараах гол гол зарчмын өөрчлөлтүүд тусгагдсан байна. Үүнд:

1.Хөдөлмөрийн харилцаа зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулснаар үүсэхгүй

Хуулийн төслийн 2 дугаар зүйлд тус хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг нэмэгдүүлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр төсөлд тусгасан байна. Мөн Хуулийн төслийн 26.2 дугаар хэсэгт энэ талаар тодорхой заасан байна. Одоогийн Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1 дүгээр хэсэгт холбогдох талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг зохицуулах тухай заасан байдаг.

2.Хуулийн төсөлд шинэ нэр томъёо, тодорхойлолтууд нэмэгдсэн

Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг тусгасан байх бөгөөд ингэхдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, ажлын бүтэн бус цагийн ажилтан, бөөнөөр халах, жасаагаар ажиллуулах, хөдөлмөрийн сонирхлын маргаан, хөдөлмөрийн эрхийн маргаан гэх мэт шинэ нэр томъёонууд оруулж ирсэн байна. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулинд бөөнөөр халах гэдэг ойлголт байдаг ч бөөнөөр халах гэдэгт хичнээн ажилтныг халахыг нарийвчлан тодорхойлоогүй байдаг бол Хуулийн төслийн 4.1.8 дугаар заалтад “бөөнөөр халах” гэж “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр 10-50 ажилтантай ажил олгогч тав ба түүнээс дээш ажилтны, 51-499 ажилтантай ажил олгогч нийт ажилтны 10 ба түүнээс дээш хувь, 500 ба түүнээс дээш ажилтантай ажил олгогч 50 ба түүнээс дээш ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд дуусгавар болгохыг ойлгоно” гэх мэтээр тодорхойлсон байна.

3.Эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх гэх зэрэг эрхүүдийг нарийвчлан тусгасан

Тус Хуулийн төслийн 5, 6, 7, 8, 9 дүгээр зүйлүүдэд хөдөлмөрийн харилцаанд эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, хөдөлмөрийн харилцаанд шударга бус үйлдлийг хориглох, ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох, ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан оруулжээ. Тухайлбал Хуулийн төслийн 8.2 дугаар хэсэгт “Ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үгээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулинд шууд тусгагдаагүй зохицуулалт байна.

4.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд барьцаа хэрэглэхийг хориглосон

Хуулийн төслийн онцлох нэг шинэ зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд барьцаа хэрэглэхийг хориглосон явдал юм. Ингэхдээ уг төслийн 10.1 дүгээр хэсэгт “Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно” гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулинд одоогоор ийм заалт хараахан тусгагдаагүй байдаг.

5. Ажилтан, ажил олгогчийн үндсэн эрх, үүргийг нарийвчлан тогтоосон

Хуулийн төслийн 11, 12 дугаар зүйлүүдэд ажилтан, ажил олгогчийн үндсэн эрх, үүргийг нарийвчлан тогтоосон байна.

6.Хөдөлмөрийн гэрээний төрөл, хугацааг нарийвчлан тодорхойлсон

Хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийн гэрээг (i) хөдөлмөрийн гэрээ, (ii) онцгой нөхцөл бүхий гэрээ (Хөдөлмөрийн тухай хуулийн контрактын гэрээтэй нэгэн адил) ангилснаас гадна ажиллах хүч нийлүүлэх гэрээний тухай ойлголтыг шинээр тусгасан байна.

Ажилтны ажлын онцлогийг харгалзан дараах ажил, үүрэг гүйцэтгэх ажилтнуудын хөдөлмөрийн гэрээний онцлог шаардлагуудыг тодорхойлсон байна. Үүнд:

а)дагалдангаар болон туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ;

б)ажлын бүтэн бус цагийн ажилтны хөдөлмөрийн гэрээ;

в)зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ;

г)гэрийн үйлчилгээний, хөлсөөр мал маллаж байгаа болон тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ;

Тус төсөлд хугацаатай байгуулах хөдөлмөр эрхлэлтийн гэрээнүүдийг тодорхой заасан байх бөгөөд (i) эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл түр томилсон ажилтан, (ii) хүүхэд асрах чөлөөтэй ажилтаны оронд ажиллаж байгаагаас бусад тохиолдолд хугацаатай гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш байвал уг гэрээг хугацаагүйд тооцно гэжээ.

7.Бүтэн бус цагаар, зайнаас, жасаагаар ажиллах зэрэг онцлог зохицуулалтыг нэвтрүүлсэн

Ажил олгогч ажлын бүтэн бус цагаар ажиллах ажилтан авч ажиллуулах боломжтой бөгөөд бүтэн бус цагийн ажилтан хуульд зааснаас бусад тохиолдолд бүтэн цагаар ажиллах ажилтны нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр зохицуулагджээ.

Харин ажил олгогч нь хүнийг оршин суугаа газартаа ажил үүргээ байнга гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжтой болох юм байна.

Мөн ажилтныг алслагдмал газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч жасаагаар ажиллуулах горим хэрэглэх нөхцөл, журмыг тодорхойлсон байна.

8.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн хэмжээг тусгайлан заасан

Хуулинд өөрөөр заагаагүй бол (i) аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, (ii) ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадварын хувьд гүйцэтгэх байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон, (iii) ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, холбогдох арга хэмжээг ажил олгогч авсан боловч хөдөлмөр эрхлэх боломжгүй бол, (iv) ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүр мөсөн шилжүүлсэн зэрэг тохиолдлуудад ажилтны 1 удаагийн тэтгэмжийг түүний тухайн байгууллагад ажилласан хугацаанаас нь хамааруулан 2-4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй байхаар нарийвчлан тогтоожээ. Бөөнөөр халах болон өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтны тэтгэмжийн хэмжээг мөн дээрх хэмжээтэй уялдуулан зохицуулсан байна.

9. Цалин хөлсний зохицуулалтанд өөрчлөлт орсон

Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох, мэргэшлийн зэрэг, түвшинг улсын хэмжээнд хэрэглэх тогтолцоог бий болгох, мэргэшлийн үндэсний хороог байгуулах зэрэг зохицуулалтууд шинээр тусгагдсан байна. Түүнчлэн, цалин хөлс олгох өдөр нь долоо хоног бүрийн болон нийтээр амрах баярын өдөр таарвал өмнөх ажлын өдөрт шилжүүлэн тооцохоор заажээ. Мөн нийтээр амрах баяр өдөр долоо хоног бүрийн амралтын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нь нөхөн амраах, эхнэр нь амаржсан ажилтанд хүүхдээ асрахад нь зориулан ажлын 5-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгох зэрэг онцлог зохицуулалтуудыг оруулжээ.

10.Хөдөлмөрийн маргааныг сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилсан

Хөдөлмөрийн маргааныг агуулга, шинж байдлаар нь сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилан тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаарх зохицуулалтуудыг нарийвчлан журамласан байна. Ингэхдээ эрхийн маргааныг аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүх шийдвэрлэхээр, сонирхлын маргааныг талууд зөвшилцөх замаар шийдвэрлэх, дараагийн шатанд хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэх, сүүлийн шатанд ажил хаялт зохион байгуулах гэх мэт дараалалтай байхаар зохицуулсан байна.

11.Хуулийн төсөл батлагдсанаар Зөрчлийн тухай хуулинд орох өөрчлөлтүүд

Хуулийн төслөөр ажилтан, ажил олгогчийн эрх, үүргүүдийг нарийвчлан тодорхойлсонтой холбогдуулан Зөрчлийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн зөрчлүүдийг нэмэгдүүлж, илүү тодорхой болгохоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Ажилтнаас барьцаа шаардан авч барьцаалахыг хориглох, шударга бус үйлдэл, эс үйлдэхүй гаргах, ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулах зэрэг зохицуулалтуудтай холбогдуулан шинэ зөрчлүүдийг хуулийн төсөлд нэмсэн байх бөгөөд тэдгээрийг үйлдсэнээр хуулийн этгээдийн хувьд 250-3,000 нэгж буюу 250,000-3,000,000 төгрөгийн хэмжээтэй торгууль ногдуулахаар заасан байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага маргаан таслах комисс байгуулаагүй тохиолдолд зөрчилд тооцохыг тусгайлан зааж, 300 нэгж буюу 300,000 төгрөгийн хэмжээтэй торгууль ногдуулахаар тусгасан байна. Үүнээс гадна хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, ажил хаялтын талаар дэлгэрэнгүй зохицуулсан зөрчлүүдийг шинээр оруулжээ. Зөрчлийн тухай хуульд одоо байгаа бусад зөрчлүүдийг илүү тодорхой болгосон бөгөөд сонирхолтой нь зарим зөрчилд хамаарах торгуулийн хэмжээг бууруулсан байна.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуух, тодруулах зүйлс байвал бидэнтэй холбоо барина уу.

Б.СОЛОНГО, Нөхөрлөлийн гишүүн (solongo@gtsadvocates.mn, tel+976 331020)

Б.ХУЛАН, Хуульч (khulan@gtsadvocates.mn, tel+976 331020)


gtsadvocates: 16 7 2018