Монгол Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хууль болон...

Монгол Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хууль болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа

2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурал 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавих эрхтэй бөгөөд ийнхүү хориг тавиагүй тохиолдолд Улсын Их Хурал албан ёсоор нийтлэнэ. Ашигт малтмалын салбарт томоохон ач холбогдол бүхий эдгээр хуулийн өөрчлөлт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт үүсгээд байсныг харгалзан үзэж бид Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дээр үндэслэн та бүхэнд шуурхай мэдээлэх үүднээс товч танилцуулгыг ийнхүү хийж байгаа болно. Ийнхүү албан ёсоор нийтлэгдсэнээр хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар бид та бүхэнд илүү тодорхой мэдээлэл хүргүүлэх болно.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байсны улмаас зохих ёсоор хэрэгжихгүй байсаар өнөөдрийг хүрсэн тулолон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ.

Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу байгаль орчныг нөхөн сэргээх зардалдаа 100 хувийн баталгаа гаргасан бөгөөд хууль батлагдсанаас хойш 3 сарын дотор Ашигт малтмалын газарт өргөдөл гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг олгож байгаа юм.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлүүдэд өөрчлөлт оруулж, 3 болон 4 дүгээр зүйлүүдийг шинээр нэмж оруулж байгаа юм. Мөн энэхүү хууль батлагдсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн нь төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно" гэсэн агуулгатай 56.1.8 дахь заалтыг шинээр нэмж оруулжээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болохоор харин улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төр эзэмшиж болохоор тус тус заасан байдаг. Ийнхүү төрийн эзэмших хувь хэмжээ нь орд ашиглах гэрээгээр тодорхойлогдохоор хуульчлагдсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлагчийн хувьд Монгол Улсын Засгийн Газрын зүгээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төр хувь эзэмшихээс гадна тийнхүү хувь эзэмшилгүйгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах замаар хувь хүртэх боломжтой гэж үзэж байгаа юм. Ийнхүү нөөц ашигласны төлбөр тогтоосноор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос төрийн хүртэх ашиг нэмэгдэх бөгөөд илүү урт хугацаанд тогтвортой ашигтай байх боломжтой гэж тооцоолж байгаа юм. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь улсын төсвийг бүрдүүлэх найдвартай эх үүсвэрүүдийн нэг болно гэж үзжээ.

Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлтөөр хэрэв эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө тал (ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч)-д шилжүүлэхээр талууд тохиролцсон тохиолдолд уг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стратегийн ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр тооцож төлөх юм. Өөрөөр хэлбэл төр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хуульд заасан хэмжээгээр хувь эзэмших эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрийн хувиа шилжүүлж оронд нь нөөц ашигласны төлбөр авах боломжтой болж байгаа юм.

Дээрх хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлт нь Төрийн Мэдээлэл сэтгүүлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Хэрэв та илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу

ZOLJARGAL

Dashnyam

Managing Partner

tel+976 332020

zoljargal@gtsadvocates.mn

Tsolmonchimeg

Enkhbat

Partner

tel+976 331020

tsolmonchimeg@gtsadvocates.mn


TUVSHINJARGAL

Gantumur

Associate

tel+976 331020

tuvshinjargal@gtsadvocates.mn




nomindari: 26 2 2015